Гол контент руу очих
Quiz League
← Бүх тойм

2 долоо хоногийн өмнө

WIKIDEBIA АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, VERTIGO ТЭРГҮҮЛЭГЧЭЭС ГАНЦ ОНООНЫ ЗАЙД ИРЛЭЭ

WIKIDEBIA АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, VERTIGO ТЭРГҮҮЛЭГЧЭЭС ГАНЦ ОНООНЫ ЗАЙД ИРЛЭЭ

Quiz League-ийн I улирлын VIII дугаар аравдугаар сарын 28-нд Баянгол ресторанд болж, 38 баг өрсөлдсөнөөс Wikidebia 36 оноогоор анхны түрүүгээ хүртлээ. Vertigo, Hi6 багууд тус бүр 35 оноотой тэнцэж, нэмэлт асуултын дүнгээр Vertigo дэд байр, Hi6 гутгаар байр эзлэв.

Wikidebia энэ үдэш зургаан үеийн турш жигд өндөр оноо авч, ялалтад хүрлээ. Зурган үед бүтэн зургаан оноо авсан тэд дараагийн дөрвөн үед тус бүр таван оноо цуглуулж, шийдвэрлэх үед 10 оноо нэмэв. Аль нэг үед алдсанаа нөхөх шаардлагагүй, эхнээс нь дуустал тогтвортой тоглосон нь анхны түрүүнийх нь үндэс боллоо.

Гэхдээ аваргын төлөөх өрсөлдөөн сүүлийн мөч хүртэл нээлттэй байв. Эхний таван үеийн дараа Hi6 27 оноотой тэргүүлж, Wikidebia болон Vertigo тус бүр 26 оноотой нэхэж байлаа. Сүүлийн үед Wikidebia 10, Vertigo 9, Hi6 8 оноо авснаар эхний гурван байр нэг онооны дотор шийдэгдэв.

Энэ ялалтаар Wikidebia улирлын нийлбэр хүснэгтэд хоёр байр ахиж, 203 оноотой дөрөвдүгээр байрт орж ирлээ.

VERTIGO ЗӨРҮҮГ ГАНЦ ОНОО БОЛГОЛОО

Өмнөх дугаарт наймдугаар байр эзэлсэн Vertigo энэ удаа 35 оноотой дэд байрт шалгарч, улирлын аваргын төлөөх өрсөлдөөнд чухал алхам хийв. Тэд 2, 3, 5-р үед тус бүр бүтэн зургаан оноо авч, сүүлийн үед есөн оноо нэмлээ.

Улирлын тэргүүлэгч L’Équipe энэ дугаарт 30 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн тул Vertigo зөрүүг таван оноогоор ойртуулав. Зургаан оноо байсан зай одоо ердөө нэг болжээ.

Найман дугаарын дараа L’Équipe 225, Vertigo 224, Hi6 222 оноотой байна. Улирлын дөрвөн дугаар үлдсэн энэ мөчид тэргүүн гурван багийг ердөө гурван оноо зааглаж байна.

Тэдний ард Wikidebia 203, Mrs Julia 197 оноотой бичигдэж, АСА болон MFCC-DSU тус бүр 193 оноотой зургаадугаар байрт тэнцэв.

ХЭЛЛОУИНЫ НЭМЭЛТ АСУУЛТ ШАГНАЛТ БАЙРУУДЫГ ШИЙДЭВ

Дэд байр болон Contenders-ийн сүүлийн эрхийг Хэллоуины сэдэвтэй нэмэлт асуултаар шийдлээ. Луизиана мужийн Нью-Орлеанс хотын Superdome цэнгэлдэхэд болсон Хэллоуины хувцастай хүмүүсийн цугларалтад хэдэн хүн оролцсоныг багуудаас асуув. Зөв хариулт нь 17,777 хүн байлаа.

Vertigo “102,000”, Hi6 “110,000” гэж хариулснаас Vertigo зөв тоонд илүү ойртож, дэд байр эзлэв.

Харин Contenders-ийн сүүлийн эрхийн төлөө MFCC-DSU “33,333”, Graviton ойролцоогоор “80,000” гэж хариулжээ. Зөв хариултад илүү ойртсон MFCC-DSU аравдугаар байр эзэлж, шагнал хүртлээ.

CAS CAS МЕДИА ҮЕИЙГ АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ БОЛГОВ

Энэ үдэш Quiz League-ийн медиа үе анх удаа амьд хөгжмийн тоглолттой боллоо. Баянгол зочид буудлын Casablanca ресторанд тоглодог Cas Cas хамтлаг тусгай зочноор оролцож, багуудын сонсох асуултуудыг амьдаар хүргэв.

Тэд Nujabes-ийн “Luv(sic) Part 1”, Sun Rai-ийн “San Francisco Street”, Gorillaz-ийн “On Melancholy Hill”, Fatboy Slim-ийн “Praise You”, The Lemons-ийн “Гэрэлт хотын гудамж”, Djo-ийн “End of Beginning” гэсэн зургаан бүтээлийг хамтлаг тоглож, багууд эдгээр дуутай холбоотой асуултад хариуллаа.

Хөгжим сонсож таашаахын зэрэгцээ дуугаа таньж, хариултаа бодох хэрэгтэй болсон энэ үе Хэллоуины үдшийн онцлох хэсэг байв. Cas Cas хамтлагийнханд баярлалаа! Тэдний тоглолтыг дахин сонсохыг хүсвэл Casablanca рестораныг зориорой.

VIII ДУГААРЫН ШАГНАЛТ БАГУУД

Нийт шагналын сан: 3,570,000₮

🥇

Wikidebia — 36 оноо · 1,025,000₮

🥈

Vertigo — 35 оноо · 615,000₮

🥉

Hi6 — 35 оноо · 410,000₮

Contenders — долоон баг тус бүр 200,000₮

4-р байр: L’Équipe — 30 оноо

5-р байр: Fire Breathers — 29 оноо

6-р байр: Mrs Julia — 28 оноо

7-р байр: АСА — 27 оноо

8-р байр: Lacoste — 26 оноо

9-р байр: Bomboclat — 23 оноо

10-р байр: MFCC-DSU — 22 оноо

Fire Breathers өмнөх дугаарын 17-р байрнаас энэ удаа тавдугаар байрт шалгарсан нь мөн онцлох ахиц байлаа. Харин Bomboclat улирлын нийлбэр дүнгээр эхний аравт орж ирэв.

30-Р ШИРЭЭНД АЗ ТААРЛАА

Lucky #11-ийн эзнийг хүрд эргүүлэн тодруулахад Strangers багийн нэр гарлаа. Сонирхолтой нь, тус баг ганцаараа оролцохоор суудал захиалсан тоглогчидын 30-р ширээнд нэгдэн бүрдүүлсэн баг юм.

Танихгүй хүмүүс нэг ширээнд цуглаж, баг болон өрсөлдөөд, дараагийн дугаарт үнэгүй оролцох ширээний эрхтэй боллоо. Баггүй ч Quiz League-т оролцож болдгийг Strangers энэ үдэш харуулав.

UNIVISION SPORT QUIZ LEAGUE-Д НЭГДЛЭЭ

Манай шинэ ивээн тэтгэгчээр Univision Sport апп нэгдлээ. NBA-ийн тоглолтуудыг өндөр чанартайгаар, Үндэсний лигийн тоглолтуудыг найман өөр өнцгөөс сонгон, Premier League-ийн өрсөлдөөнийг 4K өндөр нягтаршилтайгаар үзэх боломжийг тус апп санал болгож байна.

Univision Sport апп он дуустал 80%-ийн хямдралтай бөгөөд Univision IPTV-ийн Apps & Games цэсээс сонгон идэвхжүүлээрэй. Quiz League болон манай оролцогчдын хамт олныг дэмжин ажиллаж буй Univision Sport-ийн хамт олонд баярлалаа!

Wikidebia-ийн анхны түрүү, Vertigo-гийн хүчтэй эргэн ирэлт, амьд хөгжимтэй медиа үе, 30-р ширээний аз гээд VIII дугаар дурсах зүйл олонтой өндөрлөлөө. Дөрвөн дугаар үлдлээ. Ганц онооны тэргүүллээ L’Équipe хамгаалж чадах уу?

Зургууд