Гол контент руу очих
Quiz League
← Бүх тойм

2 өдрийн өмнө

🏆 WEZEN VERTIGO ГУРАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, HI6-ТАЙ УЛИРЛЫН ТЭРГҮҮН БАЙРТ ТЭНЦЛЭЭ

Quiz League-ийн I улирлын X дугаар арваннэгдүгээр сарын 11-нд Баянгол ресторанд болж, 43 баг өрсөлдлөө. WEZEN Vertigo, Mrs Julia багууд тус бүр 26 оноотой тэнцэж, нэмэлт асуултын дүнгээр WEZEN Vertigo түрүүлэв. Fire Breathers мөн нэмэлт асуултаар Graviton-ыг ардаа орхин гутгаар байр эзэллээ.

Улирлын гурав дахь түрүүгээ хүртсэн WEZEN Vertigo нийлбэр оноогоор Hi6-г гүйцэж, хоёр баг хоёул 274 оноотой улирлын хүснэгтийг тэргүүлж эхлэв. Quiz League - ийн анхны улирлын Аварга тодроход ердөө хоёр дугаар үлдлээ.

СҮҮЛИЙН ҮЕ ТЭНЦЭЭ АВЧИРЛАА

WEZEN Vertigo медиа үед бүтэн зургаан оноо авч, таван үеийн дараа 24 оноотой тэргүүлж байв. Mrs Julia 23 оноотой ганцхан онооны ард, Fire Breathers болон Graviton тус бүр 21 оноотой нэхэж байлаа.

Шийдвэрлэх зургаадугаар үед Mrs Julia гурван оноо нэмж, хоёр оноо авсан WEZEN Vertigo-той тэнцэв. Харин Fire Breathers, Graviton тус бүр дөрвөн оноо авч, 25 оноотой тоглолтын дуусгаснаар шагналын тавцангийн хоёр байрыг нэмэлт асуултаар шийдэх шаардлагатай боллоо.

🌍

АФРИК ТИВД ХЭДЭН БЕЛЬГИ УЛС БАГТАХ ВЭ?

“Африк тивийн газар нутагт Бельги улс хэд багтах вэ?” гэсэн асуулт багуудыг хүлээж байв.

WEZEN Vertigo зөв хариултад Mrs Julia-гаас илүү ойртсоноор тэргүүн байр эзэллээ. Харин Fire Breathers Graviton-оос илүү ойр хариулж, гутгаар байрыг авлаа.

Mrs Julia өмнөх дугаарын гутгаар байраа ахиулан дэд байр эзэлсэн бол Fire Breathers хоёр долоо хоног дараалан шагналын тавцанд гарлаа.

GRAVITON-Д НЭМЭЛТ АСУУЛТ ДАХИН ХАТУУ ТУСАВ

Graviton сүүлийн дөрвөн дугаарын гуравт нь нэмэлт асуултаар өрсөлдөгчдөө урдаа алдлаа. VII дугаарт Hi6-д дэд байрыг, VIII дугаарт MFCC-DSU-д Contenders-ийн сүүлийн эрхийг алдсан бол энэ удаа Fire Breathers-т гутгаар байрыг өглөө.

Үндсэн зургаан үед өрсөлдөгчидтэйгөө ижил оноо авч байгаа ч нэмэлт асуултын хариу тэдний талд шийдэгдэхгүй байна. Graviton ийнхүү хоёр долоо хоног дараалан шагналын тавцангийн яг ард, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

🎡

SPOTLIGHT-ИЙН ХҮРД АНИМЭГ СОНГОВ

Энэ удаагийн Spotlight үед домог зүй ба ардын аман зохиол, түүх, анимэ гэсэн гурван сэдвээс хүрд анимэг сонголоо.

BLACKJACK, Pepero, Money Tree багууд энэ үеийн зургаан асуултад бүгдэд нь зөв хариулав. Улирлын тэргүүлэгчдээс Hi6 тав, WEZEN Vertigo дөрөв, L’Équipe гурван оноо авчээ.

📉

L’ÉQUIPE УЛИРЛЫН ХАМГИЙН БАГА ОНООГОО АВЛАА

Гурван түрүүтэй L’Équipe-ийн хувьд хүнд үдэш байв. Тэд 20 оноогоор 15-р байрт шалгарсан нь энэ улирлын хамгийн бага оноо, хамгийн доогуур байр боллоо. Өмнө нь V дугаарт 21 оноо авч байсан нь тэдний хамгийн бага оноо байв.

Boom or Bust үед бүтэн зургаан оноо авсан ч бусад үед алдсан оноогоо нөхөж чадсангүй. Ялагчаас зургаан оноогоор хоцорсон нь III, VIII дугаартай зэрэгцэх тэдний улирлын хамгийн том зөрүү болов.

Гэхдээ L’Équipe-д эргэн ирэх боломж бий. VI дугаарын дараа тэргүүлэгчээс зургаан онооны ард явсан тэд дараагийн дугаарт түрүүлж, улирлын хүснэгтийг тэргүүлж эхэлсэн түүхтэй. Энэ удаа зөрүү таван оноо, үлдсэн дугаар хоёр байна.

📈

ХОЁР ТЭРГҮҮЛЭГЧ, ХОЁР ДУГААР

Өмнөх долоо хоногт Hi6 250, L’Équipe 249, WEZEN Vertigo 248 оноотой байсан. X дугаарт WEZEN Vertigo 26, Hi6 24 оноо авснаар хоёр багийн хоорондох онооны зөрүү ариллаа.

Hi6 болон WEZEN Vertigo тус бүр 274 оноотой тэргүүлж, L’Équipe 269 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. XI дугаарын дүн хэн нь сүүлийн тоглолтод давуу байдалтай орохыг шийднэ.

Mrs Julia 250 оноотой дөрөвдүгээр байраа хадгалж, Wikidebia 242, MFCC-DSU 238 оноотой удаалав. Graviton 235 оноотой болж, MFCC-DSU-гаас ердөө гурван онооны зайд ирлээ.

NEGRONI АНХНЫ ТОГЛОЛТДОО ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Negroni анхны тоглолтдоо 23 оноо авч, шууд Contenders-т багтлаа. Зурган үе, Boom or Bust, Spotlight үед тус бүр таван оноо авсан тэд эхний хагасыг 15 оноотой өндөрлүүлсэн юм.

Харин FM сүүлийн үед зургаан оноо авч, шагналт байр руу орж ирэв. Таван үеийн дараах 17 оноогоо 23 болгосноор MFCC-DSU, Nine Magic, Negroni, Modern Family багуудтай зургаадугаар байрт тэнцлээ.

💰

X ДУГААРЫН ШАГНАЛТ БАГУУД

🥇

WEZEN Vertigo — 26 оноо · 1,331,000₮

🥈

Mrs Julia — 26 оноо · 798,000₮

🥉

Fire Breathers — 25 оноо · 532,000₮

Contenders — долоон баг тус бүр 200,000₮

4-р байр: Graviton — 25 оноо

5-р байр: Hi6 — 24 оноо

6-р байр: MFCC-DSU — 23 оноо

6-р байр: Nine Magic — 23 оноо

6-р байр: FM — 23 оноо

6-р байр: Negroni — 23 оноо

6-р байр: Modern Family — 23 оноо

🍀

Lucky #11-ийн азтан Lisan Al-Gaib болж, дараагийн дугаарт үнэгүй тоглох 120,000₮-ийн ширээний эрх авлаа.

NEPKO-ийн хүрдний азтанаар Lacoste тодорч, NEPKO -ийн хэвлэн гаргасан номоос сонгон авах 120,000₮-ийн эрхийн бичиг хүртлээ.

Арван дугаарын дараа тэргүүн байрт хоёр баг тэнцэж, гурав дахь өрсөлдөгч таван онооны ард байна. XI дугаарт хэн тэргүүлэх вэ? Эсвэл анхны улирлын аварга сүүлийн дугаарын сүүлийн асуултаар шийдэгдэх үү?

Хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлсэн бүх багт баярлалаа!

Зургууд