4 долоо хоногийн өмнө
L’ÉQUIPE ХОШОЙ АВАРГА БОЛЖ, ТЭРГҮҮЛЭГЧТЭЙ ОНООНЫ ЗӨРҮҮГЭЭ ГУРАВ БОЛГОЛОО
L’ÉQUIPE ХОШОЙ АВАРГА БОЛЖ, ТЭРГҮҮЛЭГЧТЭЙ ОНООНЫ ЗӨРҮҮГЭЭ ГУРАВ БОЛГОЛОО
Quiz League-ийн I улирлын VI дугаарт 29 баг өрсөлдөж, L’Équipe баг 32 оноогоор түрүүллээ. IV дугаарын аваргууд ийнхүү улирлын хоёр дахь түрүүгээ хүртэж, нийлбэр дүнгээр хүснэгтийг тэргүүлж буй Vertigo-д улам ойртлоо. MFCC-DSU 30 оноогоор дэд байр, Vertigo 29 оноогоор гутгаар байр эзлэв.
L’Équipe эхний хагаст боломжит 18 онооноос 17-г авж тэмцээнийг хүчтэй эхлүүлсэн. Таван үеийн дараа 24 оноотой тэргүүлж байсан тэд шийдвэрлэх зургаадугаар үед найман оноо нэмж, ялалтаа баталгаажуулав.
Харин MFCC-DSU сүүлийн үед есөн оноо авсан нь шагналын тавцанд гарах гол түлхүүр болов. Таван үеийн дараах 21 оноогоо 30 болгон ахиулж, өмнөх дугаарын долоодугаар байрнаас энэ удаа дэд байрт шалгарлаа. Vertigo мөн сүүлийн үед найман оноо авсан ч MFCC-DSU-гаас ганц онооны ард барианд оров. Ингэснээр Vertigo сүүлийн гурван дугаарт дараалан эхний гуравт шалгарсан амжилтаа үргэлжлүүлэв.
ЗУРГААН ОНООНЫ ЗӨРҮҮ ГУРАВ БОЛОВ
Улирлын эхний хагас өндөрлөхөд Vertigo 165 оноогоор тэргүүлж, L’Équipe 162 оноотой нэхэж байна. Өмнөх дугаарын дараа зургаан оноо байсан зөрүүг L’Équipe хоёр дахин багасгаж, хоёрдугаар байрыг дангаар эзэллээ. Hi6 158 оноотой гуравдугаар байрт бичигдэв.
Тэдний ард ч өрсөлдөөн нягт байна. Mrs Julia 147, MFCC-DSU 146, Wikidebia 145 оноотой — дөрөвдүгээр байрнаас зургаадугаар байр хүртэл ердөө хоёр онооны зөрүүтэй. Энэ удаагийн дэд байр MFCC-DSU-г улирлын хүснэгтэд нэг байр ахиуллаа.
АСА ЭРГЭН ИРЖ, SEQUENCE ХОЁР ДАРААЛАН ТАЙЗАН ДЭЭР ГАРАВ
Өмнөх дугаарт 9 оноогоор 29-р байр эзэлсэн АСА энэ удаа 27 оноо авч, тавдугаар байрт шалгарлаа. III дугаарын аваргууд оноогоо 18-аар ахиулж, шагналт байранд эргэн ирэв.
Hi6 28 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн бол SEQUENCE, Wikidebia, Graviton тус бүр 26 оноотой зургаадугаар байрт тэнцлээ. Эдгээр таван баг Contenders-ийн шагнал хүртэв.
SEQUENCE-ийн хувьд Quiz League-т хоёрхон удаа оролцохдоо хоёуланд нь шагналт байранд багтлаа. Эхний оролцоондоо 21, энэ удаа 26 оноо авч, нийлбэр 47 оноогоор улирлын хүснэгтэд есөн байр ахин 21-р байрт орж ирэв. Шинэ баг эхний хоёр дугаараасаа өрсөлдөгчдөдөө өөрсдийгөө таниулж байна.
VI ДУГААРЫН ШАГНАЛТ БАГУУД
Нийт шагналын сан: 2,916,000₮
L’Équipe — 32 оноо · 898,000₮
MFCC-DSU — 30 оноо · 538,800₮
Vertigo — 29 оноо · 359,200₮
Contenders — тус бүр 200,000₮
4-р байр: Hi6 — 28 оноо
5-р байр: АСА — 27 оноо
6-р байр: SEQUENCE — 26 оноо
6-р байр: Wikidebia — 26 оноо
6-р байр: Graviton — 26 оноо
Lucky #9-ийн азтан Bomboclat болж, дараагийн дугаарт үнэгүй оролцох ширээний эрх хүртлээ.
MBOOK, MMUSIC QUIZ LEAGUE-Д НЭГДЛЭЭ
Quiz League-ийн шинэ ивээн тэтгэгчээр Mbook, Mmusic нэгдэж, тэмцээний дөрөвдүгээр буюу медиа үеийг дэмжин ажиллаж эхэллээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зохиогчийн эрхийн контентыг асуултад ашиглах боломж бүрдэж байна. Оролцогчид танил аялгуу, дуу хоолой, аудио ном зэргээр мэдлэг, ой санамжаа сорих медиа үе улам баялаг болох нь ээ.
Зургаан дугаарын дараа Vertigo, L’Équipe тус бүр хоёр түрүүтэй, Hi6 болон АСА тус бүр нэг ялалттай байна. Улирлын хоёрдугаар хагас эхлэхэд тэргүүлэгч хоёр багийг ердөө гурван оноо зааглаж байна. VII дугаарт тэргүүлэл солигдох уу?
I улирлын ерөнхий ивээн тэтгэгч: Easy Meat